ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Хууль сахиулахын их сургууль болон Удирдлагын академийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

2018-09-03   Уншсан тоо: 138

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш, сонсогч оюутнуудад эрдмийн баярын мэнд хүргэлээ.

 

Төрөөс боловсролын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх асуудлыг зорилт болгосон. Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож, үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлж, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр заасан. Боловсролын шинэчлэлийн хүрээнд дээд боловсролын тогтолцоо, агуулга, стандартыг байнга шинэчлэн сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын тэргүүний жишигт нийцсэн их, дээд сургуулиудыг бий болгосны үндсэн дээр улс орны хөгжилд шаардлагатай хүний нөөц, мэдлэг технологийг тасралтгүй нийлүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү өндөр зорилтуудыг ханган биелүүлэхийн тулд Хууль сахиулахын их сургуулийн багш, сонсогч, оюутан, ажилтан бүр шинэ нөхцөл байдал, шинэ зорилтоо ухамсарлан сэтгэлгээ, үйл ажиллагаандаа өөрчлөлт хийж, эрдмийн нэгдмэл хамт олон болон төлөвшиж, ихээхэн хүчин чармайлт гарган хөдөлмөрлөх ёстойг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэлээ.