ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчийг томилов

2018-08-13   Уншсан тоо: 136

Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх эрх хуулиараа Засгийн газарт хадгалагддаг.

Зам, тээврийн хөгжлийн яам нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй болж, ажил цалгардах, эзэнгүйдэхээс сэргийлэн тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчаар томиллоо. Энэ тухай шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин яамны хамт олонд танилцуулав.

Тэрээр зөвхөн Зам, тээврийн хөгжлийн яам гэлтгүй төрийн бүх байгууллагад архидалт, хувь хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаа, бие биенээ үл хүндэтгэх, зөрчилдөх зэрэг дутагдал байх ёсгүйг анхаарууллаа. Мөн цаашид боловсон хүчний сонголт, томилгоо зэрэгт зайлшгүй анхаарах шаардлага гарч байгааг хэлэв.

Зам, тээврийн хөгжлийн яамны хувьд энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, ирэх оны төсвийн төсөл, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын барилгын ажил, Өмнөговь аймагт барьж байгаа Тээвэр, ложистикийн төв, Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замын шинэчлэл, бусад зам, гүүрийн засвар, өвөлжилтийн бэлтгэл зэрэгт онцгой анхаарч ажиллахыг сануулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.