Шадар сайд Ө.Энхтүвшин хурлын буухиа Монголоос Австрали руу амжилттай үргэлжлэхийг бэлгэдэн шагай орхиулав

2018-07-06   Уншсан тоо: 246

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.07.06) Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хаалтын хуралдаанд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг дор товчлон хүргэж байна.

Шадар сайд “Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” Та бидний хамтын хүчин чармайлтаар амжилттай болж ийнхүү өндөрлөж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн хөтөлбөрийг батлан гаргаснаас хойш Ази, Номхон далайн бүс нутагт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү хурал нь Сэндайн хөтөлбөрийн эхний хоёр жилийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй олон асуудлаар зөвлөлдөж, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон санал зөвлөмжийг гаргасан чухал арга хэмжээ боллоо.

“Мянган удаа сонсохоор нэг удаа үз” гэдэг Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Энэхүү хурлаар манай улсын яам, агентлаг, орон нутгийн удирдлага, төр захиргааны болон иргэний нийгмийн байгуулага, хувийн хэвшил, ард иргэд гамшгийн эрсдэлийг ойлгох, эрсдлийг бууруулахад салбар дундын түншлэл хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хот суурин газрын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх талаар өргөн мэдлэгтэй болсон гэдэгт би итгэл төгс байна.

Энэхүү хуралд  Европ, Африк, Америк зэрэг тивийн улс орнуудаас олон оролцогч хүрэлцэн ирсэн нь гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал бүс нутгийн хил хязгаарыг давсан,  нэг улс орон, нэг бүс нутгийн шийдэх асуудал биш болсоныг нотлон харуулж байна. Мөн Номхон далайн дэд бүсийн улс орнуудын төлөөлөл өргөнөөр оролцож, тэр дундаа Азийн манлайлагчдын уулзалтад Номхон далайн дэд бүсийн төлөөллийг албан ёсоор урьж оролцуулснаар бид манай бүс нутгийг бүхэлд нь хамруулсан хэлэлцүүлгийг өрнүүлж ажиллалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд аливаа улс орны Засгийн газар дангаараа бус, харин холбогдох бүх талуудын түншлэл, хамтын ажиллагаанд суурилан, салбар хоорондын уялдааг улам бэхжүүлэн гамшгийн бэлэн байдлыг дээшлүүлэх шийдлүүдийг хэрэгжүүлж, бүс нутгийн, цаашлаад дэлхийн бүх улс орон хүчин чармайлтаа нэгтгэн ажиллах нэн шаардлагатай болсоныг олон илтгэлч, оролцогч нар онцлон тэмдэглэлээ.

Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд чухалчлах хариуцлага бидэнд ирсэн байна. Үүний тулд бид гамшиг болохоос өмнө дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх, гамшгийн хор уршгийг багасгах боломжийг бүрдүүлэх, ард иргэддээ тайван аж амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх аюулгүй орчныг бий болгож, улс орныхоо тогтвортой хөгжлийг ханган бодит алхамууд хийж чадах юм.

Монгол Улс гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд шилжиж байгаа энэ цаг үед далайд гарцгүй бусад орнуудтай гамшигтай тэмцэх үйл ажиллагаан дахь ижил төстэй болон ялгаатай байгаа асуудлаар мэдээлэл, туршлага солилцох, хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Энэ оны 5 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны газартай хамтран Улаанбаатар хотноо Далайд гарцгүй, буурай хөгжилтэй орнуудын олон улсын судалгааны төвийг албан ёсоор нээж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ. Уг судалгааны төвийг түшиглэн бидэнд манай бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нотолгоо, тооцоонд суурилсан нарийвчилсан судалгаа хийх, үр дүнг нь бодлого боловсруулахад ашиглах өргөн боломжууд нээлттэй байгааг онцлон тэмдэглэмээр байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр та бүхний дэвшүүлсэн санал, зөвлөмжийг “Улаанбаатарын тунхаглал”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө”-нд тусгасан тухай бид бүхэнд нэгдсэн дүгнэлтийн хуралдааны үеэр тодорхой танилцууллаа. Одоо энэхүү хоёр баримт бичигт тусгагдсан бодлогын арга хэмжээнүүдийг улс орон бүр бодит ажил хэрэг болгож, бүх нийтийг хамруулан хэрэгжүүлэхийг зорьж ажиллахыг та бүхэнд уриалж байна .

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 3 дугаар бага хурлыг 2020 онд зохион байгуулах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн Австрали Улсын Засгийн газар, ард иргэдэд баяр хүргэе” хэмээв. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид аливаа ажил үйлсийг шинээр эхлүүлэхээс өмнө амжилтыг бэлгэдэж буянт малын дөрвөн шагай орхидог уламжлалтай билээ” гээд Авсрали Улсын Сенатын гишүүн, Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд хатагтай Кончетта Фиэрраванти Вэлсийг индэрт урьсан юм. “Энэ бөмбөрцөг дотор дөрвөн шагай байгаа. Одоо та энэ бөмбөрцгийг эргүүлээд Австрали Улсад зохион байгуулах Азийн сайд нарын бага хурал амжилттай болохыг бэлгэдэн шагайгаа орхино уу” хэмээв. Австралийн сайдын орхисон шагай Авсрали Улсад буухиалах хурал төгс сайн болно гэж буусанд Шадар сайд баяр хүргэж, амжилт хүслээ.

Ингээд Шадар сайд Ө.Энхтүвшин үгийнхээ төгсгөлд 2015 онд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Азийн сайд нарын бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах санал тавьж, хамтран зохион байгуулахаар гурван жилийн хугацаанд манай Засгийн газартай нягт уялдаатай, итгэлцэл дүүрэн түншлэлийн зарчмаар ажиллаж ирсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын нийт хамт олонд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд, энэхүү хуралд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчид, олон улсын, бүс нутгийн, үндэсний болон орон нутгийн төрийн, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллага болон бүх сонирхогч талуудын төлөөлөлд,  Азийн сайд нарын бага хурлыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулахад бүх нөөц боломж, хүн хүчээ дайчилан ажилласан төрийн бүх байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагынханд, хурлын бэлтгэлийг бүрэн ханган ажилласан Онцгой байдлын ерөнхий газрын генерал, офицер, албан хаагч, нийт бүрэлдэхүүнд, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 250 сайн дурынханд  Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.