Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж үг хэллээ

2015-11-27   Уншсан тоо: 674

 Монгол ахан дүүс ээ,

Манай орны иргэд ээ,
 
Та бүхэн тавтай сайхан өвөлжиж байна уу. Манай Засгийн газар нэг жилийн хугацаанд хийсэн ажил, шийдсэн асуудлаа нэгтгэн дүгнэж, телевизийн 11 цуврал нэвтрүүлэг, сонин хэвлэл, сошиал ертөнцөөр Та бүхний анхааралд толилуулж дэлгэж тайлагнасан учраас энэ удаад зөвхөн чухлыг нь  хөндөж ярих болно. 
Улс төр, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын амаргүй нөхцөлд Засгийн газар нэг жилийн хугацаанд ажиллаж ирлээ.
 
 Улс орны болоод улс төрийн эрх ашгийн эрэмбэ дарааг уялдуулан зохицуулж чадаагүйгээс бид Засгийн газарт хамтрагчаа сөргөлдөгч болгон хувиргасан.
Дэлхий дахинд түүхий эдийн үнийн уналт, тэр дундаа манай голлох экспортын бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнийн эрс хямдрал үргэлжилсэн хэвээрээ л байна. Үүнээс шалтгаалан гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэж чадахгүй байсаар байна. Тэр бүхнээс авдаг татвар багасч,  тэр хэрээр татвараас бүрддэг төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ орохгүй байна. Өөр хоорондоо шууд холбоотой ийм хүчин зүйлс, гинжин хэлхээ бодитой оршиж, байдал хүнд байгаа ч бид боломж нөөцөө дайчлан ажиллаж, багагүй асуудал, чамгүй даалгаврын ард гарч чадлаа.
 
Хэцүү нөхцөлд хийсэн ажил багагүй байна. Бид хийсэн ажил, шийдсэн асуудлаа 5 үндсэн багц болгон хувааж болохоор байна.
 
1.  Төсвийн бодлогоо шинэчилж чадлаа. 2015 оны төсвийн хоёр ч тодотгол, 2016 оны төсвийн хуулиа хэлэлцэн батлах явцад улсын нэгдсэн нэг төсөвтэй болох, төсвийн алдагдлаа бууруулах, төсвийн хэмнэлтийн бодлого баримтлах, орлого зарлагаа бодитой төлөвлөх, халамжийн бодлогоо хэрэгтэй хэсэгт нь буюу зорилтот бүлэгт онож чиглүүлэх зэрэгт томоохон ахиц дэвшил гаргаж чадлаа. Ийм үндсэн зарчим, дэвшилттэй хандлагаа цаашид хадгалж чадвал улсын төсвөө ирэх онуудаас алдагдалгүй батлах боломжтой болно.
 
2.  Томоохон төслүүдээ хөдөлгөж, бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Та бүхэнд шинэ сэргэг, эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 сарын 16-нд УБ хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүн татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг төрийн сангийн дансанд шилжин орохоор боллоо.Нэг том төслийн эргэн сэргэлт бусад том төслүүдийг хөдөлгөөнд оруулж байна. Их ажилтай байна, энд тэндгүй их бүтээн байгуулалт дахин эхэлнэ гэдэг нь эдийн засгийн сэргэлтэд хөтөлнө. Эдийн засаг сэргэнэ гэдэг нь эцсийн дүндээ монгол хүн ажилтай, авах цалинтай, монгол компаниуд олох ашигтай, Монгол Улс авах татвартайбайхын эх үүсвэр, үндэс суурь билээ. IV цахилгаан станцын хүчин чадал 123 мвт-аар нэмэгдэж, Амгалангийн 348 мвт дулааны станц айл өрхөд дулаанаа түгээж эхэллээ. Жил бүр 70-100 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг эрчим хүчний салбар системийн зангилаа, бүрдэл хэсэг болгон дээрээ хэмнэлттэй ажилласнаар энэ онд анх удаа нэг ч төгрөгийн алдагдалгүй ажиллалаа. Хөтөлийн цементийн үйлдвэрийн араас жилд 1 сая тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай Монцементийн үндэсний үйлдвэр Засгийн газар, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодитой үр дүн болон үүд хаалгаа нээлээ. Ирэх онд Засгийн газрын дэмжлэгтэйгээр МАК компанийн шинэ үйлдвэр цементээ нийлүүлж эхэлнэ. Монгол Улс барилга барих, зам тавих цементээ өрөөлөөс гуйхаа бүрэн зогсоож, өөрсдийгөө бүрэн хангана. Хөрөнгө санхүүжилтийн хүндрэлтэй байсан ч 12 чиглэлд 1061 км зам тавихаас 900 илүү км урттай шинэ замаа энэ жил тавьж чадлаа. Холын зам уртсахын хэрээр хот, хөдөө ойртож байна. Инженерийн хийцтэй, иж бүрэн 5 бетонон гүүрийг ашиглалтад орууллаа. 21 аймгийн төвтэй холбогдох бүх чиглэлийн замын бүрдэл хэсэг бүхэн буух эзэнтэй, буцах мөртэй болсон. Ирэх онд цаг нартай уралдан, замаа тавьж, 21 аймгийн төвөө нийслэлтэй засмалаар холбох түүхэн зорилтдоо хүрнэ. Мянганы, бас мянгуужингийн гэж нэрлэгддэг байсан мөрөөдөл биелэх цаг, газар ойртлоо. Мөрөөдөл биелж болдгийг тавьсан замын урт, цагаа, түлшээ хэмнэж, нутагт нь ойртсон хүмүүс өөрсдөө хэлнэ.2012-2015 онд, сүүлийн 3 жилд Шинэчлэлийн болоод Шийдлийн Засгийн газрын үед барьсан замын урт, нэмсэн эрчим хүчний хэмжээ 1990 оноос хойших бүтэн 25 жилийн нийт хэмжээнээс илүү гарлаа. 25 жилд тавиагүй урт замыг сүүлийн 3 жилд тавьж амжлаа. 8 дахин өндөр хурд. 25 жилд үйлдвэрлээгүй эрчим хүч нэмлээ. 8 дахин илүү хүч.
 
Буянт-Ухаагийн Чингис хаан олон улсын нисэх буудалд шинээр транзит танхим нээлээ. Хөшигийн олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаасаа илүү хурдацтай, өнөөдөр 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. 
 
3.Хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарал хандууллаа. Монголчуудын нэр хүнд, Монгол дахь бизнес орчныг байнга уруу татаж ирсэн 106 лицензтэй холбоотой он жилүүд дамнасан маргааныг эцэслэн шийдвэрлэж дууслаа. Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд гарсан элдэв хүндрэлийг арилгалаа. Нэг орсон бол буцаад гарч болохгүй гэж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн “Нotel Mongolia” хэмээх нэр хоч, сөрөг буруу ойлголтыг засч залрууллаа. Төрийн 9 байгууллага тус тусдаа, дур дураараа хилээр орж гарахыг хориглох, нэг ёсондоо хүний хөлийг, хөрөнгө оруулалттай нь, эрх чөлөөтэй нь, эцсийн дүндээ эдийн засгийн хөдөлгөөнийг туших чөдөрлөх эрх дархтай байсныг бүрэн зогсоож, зөвхөн Прокурорын байгууллага шийдэж байхаар болголоо. Олон жил гацаж царцсан  хайгуулын ажлыг эхлүүллээ. Нутгийнх нь хишиг буянаас нутагт нь ахиу үлдээдэг шинэ хууль баталлаа.Газрын баялгаас орон нутагт нь үлдээдэг татваруудыг нь нэмснээр уул уурхайн салбарыг огт дэмждэггүй байсан орон нутгийн засаг захиргаа ч, нутгийн ард иргэд нь ч асуудалд наанатай, цаанатай, олон талаас нь нухацтай ханддаг болж, одоогоор 600 гаруй хайгуулын лиценз олгогдоод байна. Хөрөнгө оруулах сонирхолтой, хөрөнгө оруулалтын сан байгуулах гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг эргэн сонирхож эхэллээ. Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрээнд хувийн компаниуд гарын үсгээ зурж эхэллээ.
 
4. Бизнес, баялаг бүтээгчиддээ хаяглаж хандсан бодлого, үйл ажиллагааг идэвхжүүллээ. Эдийн засаг хүндрэлтэй үед зохион байгуулалттай, хавтгайруулж кампаничилсан бүх хяналт шалгалт явуулахыг зогсоолоо. Хяналт шалгалт хэтрэхээрээ хяхалт хавчилт болдог.Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан гаргалаа. Энэ оныг дуустал хүртэлх хугацааг ашиглан ил тодын тайлангаа гаргах нээлттэй, хуульчилсан боломжийг аж ахуйн нэгж, компаниуддаа олголоо. Он удаан жил хурсан татварын маргаанаа цэглэх боломжийг бүрэн дүүрэн ашиглаж шинэ оноо угтахыг Та бүхэндээ хандан дахин уриалж байна. НӨАТ-ын 20%-иа буцаан авдаг шинэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Нэг жилд санхүүгийн тайлангаа нийтдээ 34 удаа гаргадаг байсан ААН-үүд одоо 4 удаа гаргадаг болсон. Иргэд төрөөс үзүүлдэг 25 ажил үйлчилгээг одоо цахимаар оочер дараалалгүй авч байна. Хүнээс хамаардаггүй, хүнд сурталгүй, цаг, мөнгө хэмнэх цахим үйлчилгээг бүр өргөн нэвтрүүлнэ. Ирэх онд нэмж төрийн 167 үйлчилгээг цахим хэлбэрт оруулж, төрийн үйлчилгээний цахим хуудас болон ТҮЦ машинд нэгмөсөн шилжүүлнэ. Цахим гарын үсэг анх удаа хэрэглэгдэж эхлэхэд бэлэн боллоо. Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпорациас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй” үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд 76-р байрнаас 56-р байр руу урагшилж, бүс нутагтаа анх удаа 5-р байрт эрэмбэлэгдлээ. Үндэстний бизнес эрхлэгчид болон эдийн засагчдын санал, санаачилгыг төрийн бодлогод тусгах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд хувийн хэвшлийнхнээс голлон зонхилж бүрдсэн Эдийн засгийн зөвлөл тогтмол ажиллаж байна.
 
 5.Монгол Улс олон улсын тавцанд амжилт арвинтай байна. Япон улстай анхны чөлөөт худалдааны гэрээг амжилттай байгууллаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудад хийсэн айлчлал амжилттай болж аяны богц дүүрэн ирж, ажлын бодит үр дүн авчирлаа. НҮБ-ын Хүний эрхийн комисст Монгол Улс хамгийн олон санал авч анх удаа сонгогдлоо. АСЕМ-ийн 20 жилийн ойгоор, дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улс анх удаа зохион байгуулах эрхээ авч, бэлтгэл ажлаа ид хийж байна. Ази, Европын 53 орон, байгууллагын тэргүүн нар, дэлхийн  шийдвэр гаргагчид манай эх оронд ирэх жил цуглана. АСЕМ-ийн дээд түвшний уулзалт Монголоо дэлхийд сурталчлах шинэ боломжийг нээж байна. Мянганы Сорилтын Сангийн /цаашид МСС/ 2 дахь компакт гэрээнд хамрагдах цөөхөн орны тоонд Монгол Улс багтаж, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Бидэнд хийсэн ажил, шийдсэн асуудал, хүрсэн үр дүн багагүй байна. Бидэнд хийх ажил, шийдэх ажил ч их байна.
 
Төсвийн хууль, мөнгөний бодлого батлах үеэр яригдсан "Макро эдийн засгийн шинэ тэнцвэр” бодлогын хүрээнд Засгийн газраас төлбөрийн тэнцлийг ашигтай байлгах, Улсын төсвийг алдагдалгүй болгох, Улсын өрийг тогтвортой байлгахад чиглэсэн үйл ажиллагааг цаашид явуулна.
 
Эдийн засгийн агшилт нэг талаас аж ахуйн нэгж, иргэдэд хүндээр тусч байгаа ч, нөгөө талаас тодорхой үр дүнгээ өглөө. Бид нэлээд хичээл зүтгэл, их үнэ цэнээр төлбөрийн тэнцлээ ашигтай гаргаж, төлбөрийн урсгал тэнцлээ 27-гоос 6 хувь руу буулгаж, инфляцийг 14- өөс 3,4 хувь хүртэл бууруулж чадлаа.
 
Их үнэ, их хичээл зүтгэлээр олдсон энэ тааламжтай үеийг ашиглан, аж ахуйн нэгжүүдэд шинэ боломж олгох зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх,  зээлийн бодлогын  хүүг тодорхой х?